Өвлийн аялал жуулчлалд хувь нэмэр оруулах онцгой эвентүүд

Aдмин / Нийгэм

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр зорьж буй манай улсад энэ оны гуравдугаар сарыг дуустал хэд хэдэн онцлох эвент болох бөгөөд товч мэдээлэл хүргэе.

Тамирын голын жавар-2024

2024 оны өвлийн эвентийн салхийг энэ сарын 13, 14-нд “Winterland ice festival” буюу “Тамирын голын жавар-2024” хагалах юм. Тамирын голын хөвөөнд зохион байгуулах энэхүү фестивальд зориулан архангайчууд өвсөн цэнгэлдэх хүрээлэн барьсан бөгөөд энэ нь Монголд анхдагч аж. 14-нд энэхүү эвент дууссаны дараа өвсийг нь Архангай аймгийн малчдад хөнгөлөлттэй үнээр худалдах юм байна. Уг фестивалийн үеэр мөсний сур харваа, кёрлингийн тэмцээн болохоос гадна завины үзүүлэн, хангайн хасар банхарын үзэсгэлэн зохион байгуулах ажээ. Түүнчлэн “100 мянган ямаа” төсөл нээлтээ хийх бөгөөд энэ үеэр хамгийн анхны гадаад жуулчинд ямаа бэлэглэх юм байна.

Үүнээс гадна гуравдугаар сарын сүүлчээр Архангай аймгийн Өгийнуурт мөсний загасчлалын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.

Мөнгөлөг шагшуурга

Жил бүр байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, олон угсаатны өв соёлоороо бахархах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Ховд аймгийн Хар ус нуурын мөсний баяр “Мөнгөлөг шагшуурга” зохион байгуулдаг билээ. Тэгвэл энэхүү эвент энэ сарын 20, 21-нд болох тов гарчээ. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвөл ирэх жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, олон улсад таниулахын тулд энэхүү фестивалийг жил бүрийн нэгдүгээр сард зохион байгуулахаар болсон байна. Өнгөрсөн жилийн “Мөнгөлөг шагшуурга” фестивальд дотоод, гадаадын 20 мянга гаруй жуулчин Хар ус нуурын хөвөөнд цуглаж байсан юм.

Түмэн тэмээний баяр-2024

Монгол түмний уламжлалт баяр Цагаан сараас өмнө Өмнөговь аймгийн Даланзадгад хотод сонирхолтой эвент ирэх сарын 1, 2-нд болно. Энэ бол 1997 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Түмэн тэмээний баяр” юм. 25 дахь жилдээ зохион байгуулж буй тус эвент цаашид жил бүрийн хоёрдугаар сарын 1, 2-нд болохоор тогтжээ. Тэмээн соёлыг түгээн дэлгэрүүлэх, өв уламжлалаа хадгалах, өвлүүлэх, мөн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг энэхүү наадмын үеэр шилмэл буур, ингэ, сайхан тэмээтэй хос шалгаруулахаас гадна тэмээн полоны тэмцээн, тэмээний уралдаан зохион байгуулдаг уламжлалтай. Үүнээс гадна “Ингэний сүүний баяр”-ыг энэ жилээс анх удаа зохион байгуулахаар болжээ.

Хөх сувд

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулдаг эвентүүдийн нэг нь яах аргагүй “Хөх сувд” мөсний баяр юм. Хөвсгөл аймгийн Хатгал суманд зохион байгуулдаг эл баяр жил бүрийн гуравдугаар сарын 2-нд эхэлдэг уламжлалтай. Анх 2000 онд “Далай ээж” хэмээн хүндлэн нэрлэдэг Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан Д.Лхагвацогт, Ж.Төмөрсүх нарын санаачилгаар “Сантын өвөр” гэдэг газар Мөсний баяр хийж, арваад чаргатай морины уралдаанд нутгийн иргэд оролцож байсан түүхтэй. Харин 2001 оноос Мөсний баярын хүрээ тэлсээр өнөөдрийг хүртэл уламжлал болгон тэмдэглэж, Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгэн чухал ажил болж өргөжин хөгжиж байгаа юм. Баярын үеэр Хөвсгөл аймгийн онцлогийг харуулсан олон эвент зохион байгуулсаар ирсэн. Өнгөрсөн жил тус баярт АНУ, БНСУ, Тайланд тэргүүтэй орноос гадаадын 300 орчим жуулчин ирж оролцсон юм.

Дашрамд дурдахад, Хөвсгөл аймгийн Ханх суманд мөсний загасчлалын “Хөвсгөлийн цом-2024” олон улсын тэмцээн гуравдугаар сарын 15-нд эхэлнэ.

Цаа, цасны баяр

Дотоод, гадаадын жуулчдын сонирхлыг татах нэгэн шинэ эвент өнгөрсөн жилээс бий болсон. Энэ бол Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд зохион байгуулсан “Цаа цасны баяр” юм. 2023 онд анх удаа зохион байгуулахыг дотоод, гадаадын 1000 гаруй жуулчин Цагааннуур сумыг зорин очиж байлаа. Тэгвэл ирэх гуравдугаар сарын 5, 6-нд хоёр дахь жилдээ зохион байгуулахаар болжээ. Цаатнуудын ёс заншил, уламжлалыг таниулдаг эл баяр энэ жилийн онцлох эвентэд зүй ёсоор багтана. Өнгөрсөн жил тус баярт зориулан мөсөн урлаач Д.Цэрэнбат тэргүүтэй уран бүтээлчид цасан хотхон байгуулж байсан юм. Цаа цасны баярын үеэр цаа бугын цагаан идээний үзэсгэлэн, цаа бугын уралдаан, олон угсаатны хувцас загварын уралдаан, “Цаа цасны орон” сэдэвт уран зургийн уралдаан болно.

Б.МӨНХЗУЛ

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

Зочин [66.181.187.133] 2024-01-07 00:53:19

Зочид буудал жуулчны бааз нэртэй шуналын дэвнүүд үнэ үйлчилгээн дээрээ анхаарал хандуулахгүй бол ямар ч юм зохиогоод нэмэргүй ээ.МИАТ гэж нэг мангас бна.

Зочин [119.18.0.247] 2024-01-05 18:25:22

Эвент /event/ -г үйл ажиллагаа эсвэл тухайн арга хэмжээтэй нь уялдуулаад баяр гэх мэт олон хувилбараас сонгоод оруулчихвал гоё урсаад ойлгогдоно, хөөрхөн л найруулчихдаг юм байна ш дээ, ганц нэг гадаад сэтгэлгээгээ хажуу дахь эгч ах нараасаа нэрэлхэлгүй асуугаад явчихвал …

зочин [66.181.178.191] 2024-01-06 10:36:52

Яг үнэн. Эх хэлээ устгах зорилго уу? харийнхны гар хөл үү? Эсвэл боловсролгүй тэнэг бичээ юу? Аялгуу сайхан эх хэлийг маань хамгаалах хүмүүс нь сэтгүүлчид бас мөн байх шүү?

Зочин [66.181.188.218] 2024-01-05 21:56:09

Санал нэг байна


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.