Энэтхэгийн сарнаа буугч төхөөрөмжтэй холбоо тогтоох магадлал багассаар байна

Aдмин / Шинжлэх Ухаан

Саран дээр дахин шөнө болж байгаа тул сарнаа буугч төхөөрөмжтэй холбоо тогтоох магадлал улам бүр багасаж байгаа тухай Энэтхэгийн сансар судлаачид мэдэгджээ. Харин Энэтхэгийн Сансар судлалын байгууллагаас /ISRO/ уг төхөөрөмжтэй холбоо тогтоох оролдлогыг үргэлжлүүлэх эсэхээ баттай мэдээлээгүй бөгөөд буугч, явагч төхөөрөмжүүд нь “гүйцэтгэхээр төлөвлөсөн бүх даалгавраас гадна нэмэлт даалгавруудыг биелүүлсэн” гэсэн байна.

“Прагяан” гэдэг нэртэй сарнаа явагчийг тээсэн “Викрам” буугч аппарат наймдугаар сарын 23-нд Сарны харьцангуй бага судлагдсан өмнөд туйлд газардсан юм. Улмаар хоёр долоо хоногийн турш мэдээлэл цуглуулж, гэрэл зураг авсныхаа дараа Саран дээр шөнө болохтой зэрэгцэн “унтаа горимд” шилжсэн билээ. ISRO “Викрам” буугчийг Сарны шинэ өдөр эхлэхтэй зэрэгцэн есдүгээр сарын 22-ны орчимд сэрнэ хэмээн найдаж байв. Сарны өдөр, шөнө нь дэлхий дээрх 14 гаруй хоногтой тэнцдэг.

Буугч, явагч төхөөрөмжүүд Нарны гэрэлд цэнэг хураагууруудаа цэнэглэх боломжтойг тооцоолон Саран дээр газардах хугацааг нь Сарны өдөр эхлэхтэй давхцуулахаар сайтар төлөвлөжээ. ISRO төхөөрөмжүүдийг 14 хоног ажиллана гэж мэдэгдэж байсан боловч Нар мандсанаар цэнэг хураагуурууд дахин цэнэглэгдэж, модулиуд сэрнэ гэж найдаж байгаагаа дараа нь мэдэгдээд байв.

Гэвч буугч аппаратаас ямар ч дохио ирээгүй байгаа тул сэрэх магадлал нь цаг минут өнгөрөхийн хэрээр багасаж байгаа талаар судлаачид BBC телевизэд мэдээлжээ.

Энэтхэгийн сансрын агентлагийн тэргүүн асан Мадвахан Наир өнгөрсөн баасан гарагт BBC-д өгсөн ярилцлагынхаа үеэр, “Викрам” буугч одоогоор ямар ч дохио илгээгээгүй байгаа тул эргэн сэрэх магадлал нь маш бага болж байна. Энэ аппарат сарны хэт бага температурт ажиллахад зориулагдаагүй. Сарны өмнөд туйлд шөнөдөө Цельсийн -200 хэмээс -250 хэм хүртэл хүйтэрдэг хэмээн хэлсэн байна.

“Викрам”-тай холбоо тогтоох оролдлогыг үе үе хийх боловч цаашид ийм оролдлогын тоог аажмаар цөөрүүлнэ. Буугч аппаратыг сэрээхийн тулд бүх нөөц бололцоогоо ашиглаж болохгүй. Харин Нарыг судлах Энэтхэгийн анхны аппарат болох “Aditya L-1”-ийг ашиглахад зориулах хэрэгтэй. Одоо “Aditya”-г ажиглаж, анхаарлаа энэ төхөөрөмж рүү хандуулах хэрэгтэй байна” гэж сансар судлаач Милсвами Аннадурай ярьжээ.

ISRO-гийн хувьд буугч болон явагч төхөөрөмжүүдийнхээ хөдөлгөөн, судалсан зүйлсийнх нь талаар тогтмол мэдээлэл өгч, авсан зургуудыг нь дэлгэн үзүүлж байсан юм. Мөн “Чандраян-3” хөтөлбөр нь бүх зорилгоо биелүүлсэн гэж мэдэгдэж байв. Түүнчлэн буугч аппарат хөөрч буух туршилтыг амжилттай хийсэн нь урьдчилан төлөвлөөгүй даалгавар байжээ. Энэтхэг улс Сарны өмнөд туйлд сансрын төхөөрөмжөө газардуулсан анхны улс болсноос гадна АНУ, ЗХУ, БНХАУ-ын дараа Саран дээр аппаратаа зөөлөн газардуулж чадсан дөрөв дэх улс болсон билээ.


Сэтгэгдэл

Гуцоо [103.212.116.167] 2023-10-11 16:24:49

Манайх тэгж ярихын бол энэ өвөл утаагүй нүүрсээ дахин туршина мэдүү

Зочин [202.9.46.251] 2023-10-10 05:42:22

Энэтхэгийн пуужин тэгжил таарна.

иргэн [66.181.190.73] 2023-10-09 20:10:23

гадны бренд шүтсэн өөрсдөө юу ч хийж чаддагүй үхэр монголчууд бид яана даа

Зочин [202.126.89.235] 2023-10-11 08:52:05

Ялна даа


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.