Газар чөлөөлөхийг зөвшөөрсөн 259 иргэний нөхөн олговрыг олгожээ

Aдмин / Нийгэм

Улаанбаатар хотын гэр хорооллын газрыг дахин төлөвлөж орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжээд багагүй хугацаа өнгөрсөн. Энэ хүрээнд нийслэлд зургаан дэд төвийг байгуулахаар төлөвлөсөн билээ. Үүний нэг Сэлбэ дэд төв юм. Үүнд, Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18-р хороонд нийт 156 мянган га газарт нийгмийн хангамж болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн байдаг. Энэ хүрээнд дээрх хороонд оршин суудаг айл өрхөөс нийгэм эдийн засгийн судалгаа авч газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг иргэдтэй зөвшилцөж гэрээ байгуулах ажил үргэлжилж байгаа аж.

Газар чөлөөлөлтөд 2206 нэгж талбайг хамруулж байгаа бөгөөд 1653 иргэнээс нийгэм эдийн засгийн судалгааг авчээ. Ингэхэд 96.5 хувь нь гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууцжуулах төслийг дэмжсэн байна. Өнгөрсөн хугацаанд тухайн бүсэд харьяалагддаг нийт 1423 айл өрхийн хөрөнгийн үнэлгээ хээрийн судалгаа хэмжилтийг хийсэн байна. Энэ хүрээнд 490 иргэн хөрөнгийн үнэлгээг зөвшөөрч гэрээ байгуулжээ.

Үнэлгээг зөвшөөрч гэрээ байгуулсан 259 иргэний нөхөн олговорт шаардлагатай 44.7 тэрбум төгрөгийг ‘’Улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл арга хэмжээний газар чөлөөлөлт, нөхөх олговор, Улаанбаатар хот’’-ын хөрөнгөөс гаргах нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ.

Уг захирамжийн дагуу эхний ээлжид гэрээ байгуулсан 259 иргэний нөхөх олговрын мөнгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэлсэн байна. Түүнчлэн дараагийн ээлжийн 228 иргэний 42.5 тэрбум төгрөгийн нөхөх олговор олгох захирамжийн төсөл нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хянагдаж байгаа гэнэ. Сэлбэ дэд төвийн айлуудын газрыг чөлөөлснөөр эхний ээлжид 12 мянган айлын орон сууцыг барих боломж бүрдэнэ гэдгийг албаныхан мэдээлж буй.


Сэтгэгдэл

Зочин [120.18.105.247] 2024-05-31 17:56:52

Huaragnuulaad tuvlurul uusgeed tugjrelee nemeed baijdee

Зочин [183.177.99.22] 2024-05-31 11:39:35

487 айлын газар дээр 12000 айл байртай болж байхад түгжрэлийг мартаж болохоор л байна даа...


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.