Тархи, нугасандаа имплант суулгуулснаар алхаж чаддаг болжээ

Aдмин / Шинжлэх Ухаан

12 жилийн өмнө унадаг дугуйн ослын улмаас саажилттай болсон Нидерландын иргэн Герт-Жан Оскамын амьдрал тархины суулгацын шинэ технологийн ачаар үндсээрээ өөрчлөгджээ. Тархинд нь суулгасан утасгүй электрон имплант нуруунд нь суулгасан хоёрдогч суулгацаар дамжуулан түүний бодлыг хөл рүү нь дамжуулдаг байна. Одоогоор уг технологи нь туршилтын шатандаа байгаа боловч шинжээчдийн хэлж байгаагаар маш ирээдүйтэй юм. Герт-Жан одоо алхаад зогсохгүй босоогоороо зогсож, шатаар өгсөж уруудаж чадаж байгаа ажээ.

“Би яг л дөнгөж хөлд орж байгаа хүүхэд шиг өөрийгөө мэдэрч байна. Урт удаан замыг туулж байж энэ бүхэнд хүрсэн, гэсэн хэдий ч би одоо хөл дээрээ зогсож, тэр ч бүү хэл найзуудтай шар айраг ууж байна. Энэ бол энгийн хүмүүсийн тэр бүр анзаараад байдаггүй тийм таатай мэдрэмж юм” гэж Оскам Би-Би-Си-д ярилцлага өгөхдөө хэлжээ.

“Nature” сэтгүүлд мэдээлж байгаагаар, энэхүү шинэ технологийг Швейцарын эрдэмтэд бүтээжээ. Харин имплантыг шилжүүлэн суулгах нарийн төвөгтэй ажилбарыг Лозаннагийн их сургуулийн профессор, мэдрэлийн мэс засалч Жоселин Блох хийсэн байна. Профессорын хэлснээр, энэ бүх технологи нь хөгжүүлэлтийнхээ эхний үе шатанд байгаа бөгөөд саажилттай хүмүүст өргөнөөр ашиглах хүртэл олон жил шаардагдана. Гэсэн хэдий ч эрдэмтэд энэ үйл явцыг хурдасгахын тулд бүхий л хүчин чармайлтаа тавихыг зорьж байна.

“Бидний хувьд шинжлэх ухааны туршилт хийх нь чухал бус харин дахин хэзээ ч алхаж чадахгүй гэдэг үгийг эмч нараас сонсож байгаа нугасны гэмтэлтэй хүмүүст энэхүү технологийг ашиглах боломжийг олгох нь чухал юм” гэж профессор Блох ярилаа.

Герт-Жан Оскамын бие даан явах чадварыг сэргээх мэс заслыг 2021 оны долоодугаар сард хийжээ. Профессор Блох түүний гавлын ясны хоёр талд, хөдөлгөөнийг удирдах үүрэгтэй тархины хэсэгт таван сантиметрын диаметртэй хоёр сүв гаргажээ. Эдгээр сүвэнд тархины дохиог, өөрөөр хэлбэл Герт-Жаны хүслийг толгой дээрээ зүүх тусгай малгайд суурилуулсан хоёр мэдрэгч рүү дамжуулдаг хоёр имплантыг суулгасан байна.

Эдгээр дохиог нугасны хоёр дахь суулгацаар дамжуулан хөлний булчингуудад өгөх мэдээлэл болгон хувиргах алгоритмыг Швейцарын эрдэмтэд боловсруулжээ. Профессор Блох энэ хоёр дахь суулгацыг алхах үйл явцад оролцдог мэдрэлийн төгсгөлтэй холбосон байна. Мэс засал хийлгэснээсээ хэдэн долоо хоногийн дараагаас бэлтгэл дасгал хийсний эцэст саажилттай Герт-Жан зөвхөн хөл дээрээ босоод зогсохгүй түрдэг таягны тусламжтайгаар явж байгаа аж.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.