СОШИАЛ ЕРТӨНЦИЙН НЯЛУУРАЛ БА БОДИТ БАЙДАЛ

Aдмин / Нийгэм

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС.............


Монголын нийгэм хоёр тийшээ айхтар тасарчээ. Энэ хоёр тасархай ертөнц хэзээ ч бие биеэ ойлгохгүйгээр улам холдсоор байгаагийн тод жишээ болсон үйл явдал өнгөрөгч амралтын өдрүүдэд өрнөлөө. Энэ бол сошиал ертөнц бодит ертөнц хоёрын тухай юм л даа.

Өнгөрсөн долоо хоногт “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг татварын дарамт, төрийн буруу тогтолцооноос болж компанийнх нь үйл ажиллагаа дампуурч байгааг зарлан 100 сая төгрөгийн барааг ард иргэдэд үнэгүй тараана гэж зарласан юм. Тэрбээр твитерт exclusive_maya гэсэн хаягтай бөгөөд чамгүй олон дагагчтай нэгэн.

Г.Майцэцэгийг хүмүүс ер нь мэддэг. Хоёр жилийн өмнө Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг наадмаар цэнгэлдэхэд очихдоо хуушуур идэж байгаа зураг нь хэсэг шуугиан тарьсныг уншигчид санаж байгаа байх. Үүний дараахан Г.Майцэцэг “хуушуурдах эрхийг нь өгөөч” хэмээн хэвлэлийн бага хурал зарлаж байсан нэгэн. Үүгээр нь ч хүмүүс мэддэг биз ээ. Мөн Монголд “Exclusive” нэртэй брэндийн хувцас үйлдвэрлэдэг компанийн захирал гэдгээрээ ч тодорхой хүрээнд алдартай болсон. Өнгө, загвар сайтай энэ брэндийг сайн муу хэлэх олон хүн бий. Гудамжинд тааралдах охид залуус ч тэдний хувцсаар гоёсон харагддагийг бодоход насны хязгаар гэлтгүй байнга үйлчлүүлдэг үнэнч фэнүүдтэй болчихсон компани.

Энэ бүсгүйг “үнэгүй хувцас тараана” гэсэн зарлалаа өөрийн твитер хуудаснаа тавьсантай зэрэгцээд түүний хэдэн мянган дагагч болон дагалдагчид цахим ертөнцөд нэгэн том давалгаа үүсгэлээ. Бүгд л эвий халаг болж, Мааяагаа дэмжээд хувцасных нь үнийг 50 хувь төлөөд авцгаах юм болж, төрийг, татварын дарамтыг шүүмжилж давалгааллаа. Цахим ертөнцийн энэ шуугианыг бизнесмэн бүсгүй бодит амьдрал дээр хүмүүс өөрийг нь яг ингэж дэмжиж, дуулиан домог болж байна хэмээн ойлгож хүлээн авсан харагдана лээ. Өөрөөр хэлбэл, цахим ертөнцийн тал засдаг хуурай занг бодит ертөнцийнх гэж хүлээн авснаар том алдаа гаргалаа. Түүний үнэгүй хувцасны зарлал бол амьдралаас хол тасархай байгаагийн тод илрэл юм.

Тэгвэл бодит амьдрал ямар байдгийг бямба гаригт хорооллын “Номин” их дэлгүүрийн үүдэнд цугласан хүмүүс харууллаа. Үнэгүй хувцас авахаар ирсэн иргэд “Номин”-гийн долоон давхар том байшинг бараг өргөөд хаячих шахав. Юун 50 хувь мөнгө өгөх вэ. “Зүгээр өгнө гээ биз дээ” гээд л дайраад байсан. Тэд сонины тасархай болон зурагтын оройн мэдээнээс л энэ тухай дуулсан байгаа. Юун твитер, фэйсбүүк. Тэр тухай мэдэх ч үгүй, тэнд гарсныг уншаа ч үгүй хүмүүс шүү дээ.

Ингээд үнэгүй хувцас тараах ажил бүтэлгүй болсон. Ядахад дэлгүүрийн дөрвөн давхарт үнэгүй хувцас байгаа болохоор тэр олон хүнийг оруулах ямар ч боломжгүй юм. Эвдэлж хэмхлэх, бусад бараа бүтээгдэхүүнээ бүрэн бүтэн байлгах гэдэг үүднээс “Номин” татгалзахаас ч аргагүй. Эхний 50 хүнийг арай гэж орууллаа гэсэн мэдээ сүүлд гарсан байна лээ. “Дараа өөр газар тараая” гэсхийгээд бултах шив дээ. Бодит амьдрал, сошиал ертөнц хоёрын ялгаа ердөө энэ юм.

Г.Майцэцэгийн удирддаг “Exclusive” брэнд үйлдвэрлэдэг компани нийтдээ 174 сая 659 мянган төгрөгийн татварын өртэй аж. Үүнээс үүдэн 2014 оны гуравдугаар сард тус компанийн дансыг холбогдох хуулийн дагуу хаажээ. Энэхүү татварын акттай холбоотой асуудлаар тус компанийн зүгээс АТГ болон шүүхэд хандсан ч өнгөрсөн зургадугаар сард татварын актыг хууль ёсны гэж шүүхээс үзжээ. Эдний компани мөн Чингис бондын мөнгөнөөс 750 сая төгрөг зээлсэн байна.

Компанийн данс хаасан нь зээл, татвараа төлөхөд хүндрэлтэй байгаагаас захирал нь дээрх зарлалыг гарган үйл явдал өрнөөд намжсан нь энэ. “Монголын маань брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компанийг дампууруулах гэлээ” гэсэн сошиал ертөнцийнхний өмөөрөл “ингэж байгаад татвараа төдийгүй, зээлээ ч хөнгөлүүлээд авч болох юм биш үү” гэсэн гэнэн горьдлого тээж захиралд нь хүрсэн бололтой. Амьдрал өөр шүү дээ. Компани байгуулж үйл ажиллагаа явуулж л байгаа бол төрд татвар төлөх нь зайлшгүй. Зээл авсан л бол буцааж төлөх нь хууль. Бид тэнгэрийн дор төрж хуулийн дор амьдардаг. Энэ бол дэлхийн хүн төрөлхтний мөрдлөг, стандарт, жам ёсны юм. Төр авсан татвараараа хөгшид, хүүхэд гээд өөр олон хүнийг тэтгэж тэжээж байдаг. Муу ч, сайн ч бид хуулийн дор л амьдарна. Ард түмэн үнэгүй хувцас авах гэж яаж бөөнөөрөө дайрч байгаа шиг хууль дүрэм яг л ингэж түрэмгийлж, авах ёстойгоо аваад салдаг.

Бүдүүлэгдүү хатуу, харгис юм шиг санагддаг ч хэнчиг гэсэн ийм ном журмаар нь явахаас өөр аргагүй. Манай тогтолцоо, төрийн хүнд суртлыг захирал эмэгтэй буруутгасан байна лээ. Энэ үнэн шүү дээ. Тэр бас хэтэрхий өндөр татвар авдаг гэж шүүмжилсэн. Энэ ч үнэн. Бүхий л компаниуд энэ өндөр татварыг төлөөд явж л байгаа. Шүүмжлээд байгаа бүхнийг сайжруулах ёстой. Харин сайжиртал нь одоогийн хуулиа мөрдөхөөс өөр замгүй. Зарим компанийг бодоход “Exclusive” Чингис бондын мөнгөнөөс 750 сая төгрөг зээлснийг харахад төр ажиллах боломж олгоогүй биш олгосон л байгаа юм.

Би энд Монголын брэнд бүтээгч бүсгүйг, түүний хувцсыг гоочлох гэсэнгүй. Үнэгүй хувцас тараахыг муулах гэсэнгүй. Бодит байдлаас тасархай үйлдэл, бодол санаа, бодит ба бодит бус амьдралын тухай бичлээ. Үнэгүй хувцас авахаар очсон хүмүүсийн оронд сошиал ертөнцийн жиргээчид очсон бол харин 50 хувь мөнгийг нь төлөөд, захирал бүсгүйд амжилт хүсч ерөөл хэлээд явах байсан биз. Захирал ч ингэж төсөөлөө байлгүй. Тэд юу гэж тэнд хонон өнжиж зогсох вэ. Очихгүй. Харин бодит ертөнцийнхөн дэлгүүрийн гадаа цуглаж сүйдлэх дөхлөө. Манайд ажилтай хүн цөөн. Ажилгүйчүүд нь мэдээллийг сонин, зурагтын мэдээ, хов живээр сайн сонсоно. Тиймдээ ч энд тэндхийн хямдрал, сугалаа зэргийг андахгүй бүгдийг нь мэддэг юм.

Мэдээллийн хэрэгслээр харж байхад “Үнэгүй хувцас авах гэлээ. Шуналтай, оюуны хоосролтой” энэ тэр гээд тэнд цугласан хүмүүсийг муулах маягтай сурвалжлагууд харагдана лээ. Зургийг нь татаж тавиад “Үнэгүй хувцас авах гэсэн хүмүүс чинь эд шүү дээ” ч гэх шиг. Энэ гайхах юм биш шүү дээ. Зүгээр юм авах хүсэл хүмүүн төрөлхтний төрөлх зан. Ядуу буурай манай Монголд байтугай баян тансгаараа гайхагддаг Америкт хүртэл 50 хувийн хямдралтай бараа авах гээд мешоктойгоо дэлгүүрийн гадаа дугаарлаад унтаж байдаг. “Хар баасан” гаригийн хямдралыг нь хүлээж, хаалгаа нээнгүүт нь түрүүлж олон бараа авах гэж үхэн хатан гүйлдэж байгаа хүмүүсийг, тэдний эвдэлсэн хаалга цонхыг зурагтаар харуулж л байдаг биз дээ.

Үнэгүй тараах хувцасны зарлал хараад ирсэн хүмүүс бол ямар ч буруугүй. Тэднийг шуналтайгаар нь дуудах эрх хэнд ч байхгүй. Харин тэнд очсон хүмүүсийн зургийг томоор тавьж муулаад байсан мэдээллийн хэрэгслүүд, сайтынхан уучлал гуйж, зургийг нь устгамаар юм.

Дээрх үйл явдалтай төстэй зүйл манай улстөрчдөд ч харагдаад байдаг. Твитерт хэдэн арван мянган дагагчтай. Нэг үг дуугарахад нөгөөдүүл нь шагшаан шуугиан болж, бие биедээ дамжуулаад л сүйд болно. Тэдэндээ таалагдсан үг биччихвэл тэндээ од болж мандаад л. Энэ мэт улстөрчид бүгд өөр өөрсдийн жиргээний ард түмэнтэй. Түүндээ хандаж, түүндээ тодорч, түүндээ танигдчихлаараа бүхий л ард түмэнд танигдчихсан гэж эндүү бодож алдаа хийгээд байна. Тэд бол хийсвэр ард түмэн. Бас тоо нь худал хийсвэр, яагаад гэвэл нэг хүн дор хаяж гурван хаягтай байдаг. Яаж шуугисан ч яаж сүйд боллоо ч бодит нөхдүүд шиг хүрч ирээд лангуу нураатлаа өдий. Сошиал ертөнцийн жиргээний ард түмний шуугианыг “Номин”-гийн үүдэнд цугласан жирийн ард түмэн сонсдоггүй бас уншдаггүй. Бодит хүч, бодит амьдрал, бодит хүмүүс бол үнэгүй бараанд дугаарлаж, сониноо уншиж, ховоо ярьж, зурагтаа үзэж, бодитоор амьдарцгаадаг тэдгээр нөхдүүд шүү дээ.

Ийм л төөрөгдөл, хөөсөн ертөнцөд амьдарч хөөрсөн хүмүүс хэт олшроод байх шиг. Одоо хэтэрхий өндөр хөөрөхөөсөө өмнө энгийн бодит амьдрал руугаа орохгүй бол хөрсөн дээрээ бууж чадахаа байчих вий.

Д.ОЮУНТУЯА

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Май салаавч Цэцэг [185.10.224.66] 2023-07-25 06:20:52

Май шүү гэсэн байна энэ МАЙцэцэг гич***

Зочин [202.9.46.185] 2023-07-20 15:31:32

Сошиал нийгэм бодит нийгэм хоёр гэж яриач.

Зочин [66.181.160.110] 2023-07-23 22:04:57

Ойлгомжтой бичжээ. Баярлалаа. Майцэцэг хатагтай эргүүтжээ...

Зочин [202.126.88.230] 2023-07-20 12:25:46

Гоё ойлгомжтой бичжээ.

Бизнесийн соёл, ёс суртахуун Монголд байна уу? [139.5.216.179] 2023-07-20 11:25:36

Нэг нь худлаа горьдоогоод салахгүй, нөгөөдүүл нь хязгааргүй горьдоод салахгүй. Салашгүй 2 тал. Ёс суртахууны, эсхүл шашны ямар нэг хэм хэмжээ энд үйлчлэх ёстой. Гэтэл ёс суртахууныг энд хэн номолж байна???

Зочин [59.153.84.210] 2023-07-20 10:51:12

alivaa yum 2 taltai

Зочин [202.21.108.14] 2023-07-20 12:30:50

Tiim shuu!


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.