Зам тээврийн ослын 60 хувь нь гэрэл шилжүүлээгүйн улмаас гарч байна

Aдмин / Нийгэм

Олон жил ярьж сануулсан ч тоймгүй осол гарсаар л байна даа. Яавал ойлгох юм бол та бүхэн. Цас их орсон энэ үед халтиргаа гулгааны улмаас автомашины осол өдөр өнжихгүй гарч байна. Үүний хажуугаар хувиа хичээсэн жолооч нар харанхуй шөнө гэрлээ шилжүүлэхгүй явсны улмаас осол гарах тохиолдол улам нэмэгдэж байна. Ялангуяа хот хооронд явдаг том оврын ачааны машинтай жолооч нар.

Мэлийсэн их гэрэл тусгасных нь улмаас эсрэг талаас зөрж байгаа машины жолоочид 100 хүртэлх метрийн зайнд юу ч харагддаггүй. Ёстой л баримжаагаараа азаа үзээд л өнгөрдөг. Нүх, чулуу байвал дайраад өнгөрөх энүүхэнд. Үүнээс том эрсдэл бол арынх нь машинтай мөргөлдөх эсвэл ямар нэгэн мал зам хөндлөн гарч байвал дайрна. Замын хажууд түр зогсч байгаа машин байвал араас нь ч мөргөх тохиолдол их. Аль нэг бартаа байгааг харсан жолооч сандрахдаа жолоогоо огцом дарж замаас гарч онхолдож байгааг мэргэжлийн байгууллагынхан баримттайгаар хэлсээр байна.

Замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах ахлах байцаагчаас нэмж тодруулахад, “Жолооч гэрэл шилжүүлээгүйн улмаас өөдөөс ирж яваа тээврийн хэрэгслийн жолооч гялбаанд орох, зорчих хэсгийн баримжаа алдсанаас болж шөнийн цагт гарсан зам тээврийн ослын 60 хувь нь гардаг” гэв.

Гэрэл шилжүүлэлгүй хоёр машин зөрж өнгөрөхөд жолоочийн нүдний хараанд өөрчлөлт орж, орчноо хяналтдаа авах, таньж мэдэх мэдрэмж нь алдагддаг байна. Энэ байдал ойролцоогоор арван секунд үргэлжилдэг. Тээврийн хэрэгсэл 80 км цагийн хурдтай явж байна гэвэл арван секунд нь 120 метр замыг туулах хугацаа юм. Энэ хугацаанд аваар осол болох нөхцөл бүрдэхэд ямар нэг шийдвэртэй үйлдэл хийх боломж хязгаарлагддаг аж.

Зарим жолооч машин хуучирч, ашиглах боломжгүй болтол гэрэлтүүлгээ “хүчинтэй” гэж боддог. Гэтэл нөгөөх нь шороо тоос дарсан, бохирдсон бол мэдээлэл өгөх чадвараа алдана гэсэн үг. Тухайлбал, номер руу тусгадаг гэрэл 20 метр зайд бүрэн харагдаж байх ёстой. Энэ зайд харагдахгүй бол жолооч нар түүнийгээ сольж стандартад заагдсаны дагуу шинэчилж байх ёстой аж.

Мөн хурд хэтрүүлсэн, гүйцэд түрүүлэх оролдлого хийсэн, согтуугаар жолоодсон зэрэг шалтгаан шил дарж байна.

Гэмтлийн эмнэлэгийн эмч нар “Аялал зугаалгын үеэр, цагаан сараар тээврийн хэрэгслийн осол эрс нэмэгддэг байна. Гэр бүлээрээ эмнэлэгт хэвтэнэ гэдэг хэцүү шүү дээ. Эмээ, өвөөтэйгээ үр хүүхдүүдтэйгээ бэртээд л ирдэг. Зүрх шимшрэм дүр төрхтэй байсхийгээд л нүүр тулдаг. Ослын улмаас аав нь эсвэл ээж нь нас барж, хүүхэд өнчин үлдэж байгааг харахаар зүрх зүсэгдэх шиг болдог. Эр хүн заримдаа зангарагтай байдаг юм. Өөрөө хүнд гэмтэлтэй хэрнээ бусдыгаа түрүүлж үзүүлэх гэж зүтгээд байдаг юм” хэмээж байв.

Тэгэхээр дахиад хэлье. Ганц хуруугаа хөдөлгөөд л гэрлээ шилжүүлээгүйгээс үүдэн хүний амь нас, эрүүл мэндийг орвонгоор нь өөрчилж байгааг уншигч та ойлгосон байх.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Эх сурвалж: Монголын мэдээ


Сэтгэгдэл

Зочин [66.181.182.253] 2023-08-14 00:29:26

Гэрэл худалдаж авсан чинь ойр дээр тавихаар хажуугаар зөрж байгаа машин гэрэлээ шилжүүл гээд байх юм аа яах вэ

Зочин [66.181.161.240] 2023-08-13 21:03:40

гэрлээ шилжүүлчдгүй малнуудтай тэмцэх найдвартай арга бол асар хурц нэмэлт гэрэл тавиад шилжүүлэхгүй бол хоёр дохиход л гөлөг болоод ойр дээрээ тавьдгиймдаа

Зочин [203.98.76.249] 2023-08-13 15:31:44

авто элдэв долоон хужаа бараа гэрэл зараад байгаа хүмүүсээ цагдаа нар барьж барааг нь хураа.

Зочин [103.57.94.16] 2023-08-11 14:53:18

Замын хөдөлгөөний соёлгүй бүдүүлэг ородцдог оркуудыг яагаад хүндхэн шийтгэж болдоггүй юм бэ.

зочин [202.9.40.114] 2023-08-11 11:29:24

жолооч нар бие -нээ хүндлээд гэрлээ шилжүүлээд сурчих хэрэгтэй шүү ,,,,таны миний бүхний амь явж байгаа шүү ,,гэдгийг гүнээ ухамсарлах хэрэгтэй


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.