Д.Баярхүү: Социализмаас нь малчдыг салгаач ээ!

Aдмин / Нийгэм

Гарчгаа тун эвгүй сонголоо. Тэгэхээс ч өөр арга алга. Эх орон маань олигтой хөгжиж өгөхгүй байгаа шалтгааныг маш томоор илэрхийлж гарчгаа сонголоо. Социализм ба капитализмыг хольж 33 жил явлаа. Одоо боль гэж уриалах санаатай. Малчид гэлтгүй нийт иргэдээ шинэ нийгэмд нь үтэр түргэн дасгамаар байна. Гучин хэдэн жил Tөр нь бүх зовлонг нь хуваалцах гэж алингаа алдаад өнөөдөр ч яг бахь байдгаараа. Хөдөө аж ахуйн нэгдэл, сангийн аж ахуй гэж алга болоод чилийсэн 33 жилийг үдчихжээ. Хөдөөд бүх мал, аж ахуй, газар тариалан, машин техник хувийн хэвшилд 100% шилжээд 33 жилийг үдчихсэн атал Төр нь малчдынхаа өмнө сөхөрч унан царай алдаад л. Одоо тэднийг зөнд нь орхих (хаях) хэрэгтэй. Тэгсний оронд малчдыг төр халамжлахгүйгээр, ОБЕГ өвс тэжээлийг нь зөөж өгөхгүйгээр нэг өвлийг туулуулаад үзэх хэрэгтэй. Тэд арьс мах, тархи толгой, мал сүргээрээ мэдэрч дараа дараагийн өвлүүддээ бэлтгэх болно. Зун амарлингуй суухаа болино.

Оршил бичье. Улиг боллоо. “Анхаар! Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна” гэж ирээд л сүртэй зарлана. “Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд, өнөөдөр нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин хязгаарлагдахыг ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна”, “Өнөө өглөөний цаг уурын станцаас цасны зузааны мэдээгээр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар төдөн см зузаан цасан бүрхүүл тогтсон байна”, “Өнөөдөр, Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурсны улмаас малдаа яваад цасанд төөрсөн нийт 56 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ”, “Сүхбаатар аймагт 25 дуудлагаар 37 хүн, Дорнод аймагт 8 дуудлагаар 10 хүн, Хэнтий аймагт хоёр дуудлагаар хоёр хүн, Дорноговь аймагт 21 дуудлагаар 32 хүн буюу нийт 81 хүн төөрсөн, сураггүй болсон дуудлагын дагуу дээрхи аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид, нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд хамтран ажиллаж байна”, “Дуудлага мэдээллийн дагуу 20:00 цагийн байдлаар 35 хүнийг эсэн мэнд олж, 46 хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ”, “Цасан шуурганы улмаас хоттой мал цасанд дарагджээ”, “Улсын онцгой комиссын мэдээгээр Монгол Улсын хэмжээнд 11 аймгийн 30 сум цагаан зудтай бол 12 аймгийн 48 сум зудархуу нөхцөлд өвөлжиж байна. Иймд бид өвөлжилт хүнд байгаа Хөвсгөл, Увс, Өвөрхангай аймгуудийн Засаг дарга нартай холбогдож, нөхцөл байдлыг тодруулав” гэх мэт, лав гучин хэдэн жил чихэнд хэт дастал, улиг болтол ярьжээ.

ОБЕГ нь малчдыг цаснаас хамгаалах ариун үүрэгтэй. Тийм үү? Өвөл цас их ордог хүйтэрдэг гэдгийг мэддэггүй малчин байна гэж үү, хөдөөгүүр? Өвөл цас их ордог, цасан бүрхүүл тогтдог, зуд болдог, тэр үед шалдаа буудаг гэдгийг малчид мэдэхийн цаагуур мэддэг. Гэвч Төр нь хушуу дэвсээд сайхан царайлаад яваад очно гэдгийг бас мэдэхийн цаагуур мэддэг. Яг л нөгөө социализм шигээ. Тархинд нь нуль социализм.

Ертөнцтэйгээ танилцаач, эрх чөлөөт ардууд аа. Ертөнцөд малчдыг цаснаас хамгаалах үүрэгтэй Төр, засаг, албан байгууллага хэд байдаг вэ? Мал аж ахуй хэт хөгжсөн, жишээ нь хатуу ширүүн уур амьсгалтай Канад, Скандинав, Грийнландад тийм “ОБЕГ” нь гялалзтал ажиллаж, хушуу дэвсэн очиж байна уу гэсэн туршлагыг явж судлана уу.

Мал, бэлчээрээ хувьдаа авчихсан, эсвэл эзэмшиж эрхшээж байгаа малчдад ОБЕГ нь өмнөөс нь далдаганаж гүйж очдогоо нэг өвөл тас зогсоогоод, нэг үгээр наад малчдаа социализмаас нь бүрмөсөн салгаач, сэтгэхүйг нь чөлөөлөөч хэмээн би уриалан дуудаж байгаа царай нь энэ шүү. Улаанбаатарт зун намрын хэдэн сарын турш хааш нь ч хийх аргагүй асар их (бүр асар их!) өвс овоорч халиурч байнаа, хаяж байна, шатааж байна, нийслэл орчмын аймаг сумдын малчид ирээд хамаад аваач ээ (үнэгүй!), нийслэлийн ЗДТГ өвсөө хурааж нөөцлөөд малчдад өвөл нь зараач ээ хэмээн би уриалан дуудаж facebоok-тээ зурагтай пост оруулж байсан даа. Малчдыг уриалсан хэрэг шүү дээ. Яг одоо голд чинь оров уу хэмээн зуданд нэрвэгдсэн малчдаасаа ам асууя.

Цасанд, шуурганд төөрнө үү, байна уу, тэр малчны менежмент. Хэдэн малаа шуурганд алдана уу байна уу, тэр малчны менежмент. Хамар хатгах өвс малд нь байна уу, үгүй юү, бас л малчны менежмент. Төр ямар ч дарамтгүйгээр малыг нь хувьчлаад өгчихлөө, түүнийгээ яаж адуулах, хариулах, маллах, эсэн мэнд бойжуулах нь малчны менежмент юм биш үү? “Төл түмний үйлс” гэсэн социалист уриа үгүй болоод гучин хэдэн жил өнгөрчихсөн, гэтэл түүн рүүгээ буцаах гээд л мучийгаад, түүнийгээ урлаг уран сайхантайгаа хольчихсон, дуу хуур, шүлэг найрагтаа шингээчихсэн, яг өвөл тулаад ирэхээр тэр сэтгэхүй нь дээр доргүй сэргэчихдэг.

Төр хамаг зовлонг нь үүрэх гэж хичээх тусам цаадуул (малчид) нь эрхэлж дуусч байна. Булган аймгийн Сайхан суманд Цагаан сараар 100 шил архи задалсан малчин өрх тодорч амны бай болсон ганцхан жишээ. Эрхээрээ хатах хэрээрээ олхиогүйтэж дуусч байна. Aрдчиллыг, тэгэх тусмаа эдийн засгийн ба өмчийн (мал сүрэг) эрх чөлөөг чинь гарт чинь атгуулчихлаа, малчид аа, гэтэл юун хатуу ширүүн хувь заяанд нэрвэгдэх болоод явчихав аа, байгалийн хүчний өмнө юун их хоосорсон өчүүхэн амьтад болж хувирах гээд царай алдаад эхлэв ээ хэмээн би бичсээр байх болно.

2017 онд ид өвлийн үеэр УИХ-аас батласан “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хууль гэж байна. Малчид мэдэх байлгүй. “Малчин, амьтан маллагч нь мал, амьтныг өдөр тутам ажиглах, өвчилсөн гэмтсэн үед анхны тусламж үзүүлж, сонгосон мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид мэдэгдэх”, “Малаа вакцинжуулалт, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд малаа сайн дураараа, идэвхтэй хамруулах”, “Аль болох өөрийн орон нутагт отор, нүүдэл хийх” гэх мэт олон чухал заалт бий дээ. “Малчны хариуцлагын тухай хууль” үгүйлэгдээд байх шиг надад санагддаг. Эсвэл байгаагий нь би мэдэхгүй байж болно.

Хэрэв тийм хууль байхгүй, байлгахыг зорьж байгаа бол малчдад ХАТУУ ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА тохмоор санагддаг юм. Зун намрын урин цагт ихэнхдээ хэвтэж, тэнэж, найрлаж, айл хэсч, эсвэл ажилгүй уйдаж цөхөж суухаар зуны төдөн сард малчин бүр малдаа өвс тэжээл бэлтгэхийг хатуу үүрэг болгоно, малдаа өвс тэжээл бэлтгээгүйг нь торгоно, өмчийг нь хураана гэдэг ч юм уу, эсвэл өвөл болохыг мэдсээр байж зуд цасанд бэлтгээгүй бол тэгж торгоно, шийтгэнэ, зун намрын урин дулаан цагт найр наадмыг хэтрүүлэх, зүгээр суух, айл хэсч хов ярихыг хориглоно, малын арьс шир, ноосоо хаясан, булсан, шатаасан, үнэгүйтүүлсэн бол тэгж шийтгэнэ, арчаагүйгээсээ (залхуугаасаа) болж малаа зуданд үхүүлж хотоо хоосруулсан бол баян малчныд хүчээр зарцлуулж малжуулна, нийслэл рүү шилжин суурьшуулахгүй, нийслэлд ирээд олон жил олхиогүй амьдарч, нийслэлийг муухай харагдуулж байгаа малчдыг албадан нутаг буцаах буюу баян малчныд хүчээр зарцлуулж малжуулна, албадан фермерийн аж ахуйд өгнө гэх мэт хариуцлага тооцуулах шалтаг (жагсаавал маш ихийг бичиж болно) мундахгүй их байна.

Эдүгээ мал сүргийн тоо толгой хэдэн арван сая хүрснийг яг нарийн мэдэхгүй ч лав 80 сая хавьцаа гээд таачихъя. Монголын нийт хүн ам 3.5 сая, тэгвэл 80 ч бай, 70 ч бай, 60 ч бай, ихэднэ гэхээс багадахгүй. Энэ их малыг хадгалж харж баясаж суух нь XXI зууны даяаршил, цахим хөгжлийн эрин үед даан ч бүтэхгүй болж байна.

Үүнтэй холбоотой сэтгэл сэргэмээр байж мэдэх Хятадын хүнсний дэлгүүрийн махны үнийн зургийг дор харуулъя. Хагас кг мах 80-100 юань, зарим нь 150 юаниар зарагдан буй өнгөт зурагнууд.

сонин mn

сонин mnсонин mn

сонин mn

Малчид минь олхиогүйтэж, ОБЕГ-ын ам харж суух биш, зүгээр л энэ зургаас урам зориг аваад наад их махаа экспорт болгочих. Дүгнэе. Иймд энэ их малыг уран сайхандаж дуу шүлгэндээ мөнхлөн уярч харж сууж, зуданд үхүүлж суухаар эртхэн нядлаж ядаж өмнөд хөршийн хүнсний зэх зээлд яаралтай, бүр жилийн 4 улирлын турш гаргамаар байна. Социализмаасаа салж зах зээлийн сонгодог харилцаандаа үтэр түргэн шилжье!

Д.Баярхүү


Сэтгэгдэл

зочин [202.55.191.194] 2024-01-06 07:02:35

Маш зөв.Хэний малыг малаад байгаан бэ малчид. ашиг шимийг нь хүртэх болохоор эзэн нь.Өвс тэжээлээ бэлдэхгүй өвөлтэй золгоно.улсын мал маллаж байгаа юм шиг гараа тосно.Өвс дууссан гэнэ.Яг үнэндээ улсын өвс өгөх хүртлэх шавхруу өвс бэлддэг болсон байна малтай улс.Эднийг малчид гэх хэрэггүй Малчид нэгдэл байхгүй болоод байхгүй болсон.Малаасаа ашиг авах болохоор эзэн нь тэжээх болохоор улсын мал шиг аашлана.хуц новшийн мал бүхий иргэдээ.

зочин [66.181.191.135] 2024-01-03 21:38:48

Хүргэн хүү гэдэг кино байдаг даа тийм л хүн мал маллах байх даа ккк

Иргэн [66.181.182.198] 2023-12-27 17:50:14

Ер нь малчдын сэтгэхүй.амьдралын хэв маягт ямар нэг байдлаар өөрчлөлт хийх цаг нь гарцаагүй болсоныг Баярхүү болон бусад хүмүүс бодит байдлаас үндэслэн зоригтойгоор санал бодлоо илэрхийлсэн байна.Сөрөг бодолтой нь ердөө л хараал зүхэл төдий тодорхой бодлогогүй нийгмийн идэвхигүй хэсэг байна.Малчид бол улс төрийнхний амьдрах “суурь хөрс” шүү дээ.Малчид бол МАН-ынхныамь

Халамж бол мөхөл рүү хөтлөнө [202.21.127.142] 2023-12-27 13:13:47

Арчаатай малчид бол халамж биш, харин малын түүхий эдээ өртөг, мэдлэг, технологи шингэсэн бүтээгдхүүн болгох үйлдвэртэй болооч ээ л гэдэг юм байна лээ. Халамж бол тухайн зүйлээ мөхөлд хүргэх жамтай. Нөгөө америкийн уугуул индианчууд яасан бэ, халамжаар угжаад хөгжих биш мөхсөн, устсан.

Зочин [66.181.188.39] 2023-12-27 12:36:37

Юуны өмнө нийтлэлч Баярхүүд гүнээ талархаж байна. Дээр дороосоо дэндүү хоцрогдсон сэтгэхүй ноёлсон салбарын тухай хөндөж чадлаа. Энэ асуудлыг ажил хэрэг болгох " Шинэ нийгэмд малчдын дасан зохицохуй " сурталчилгаа , сургалтыг эрчимжүүлэх хэрэгтэй байна.Миний бие хоёр жилийн өмнө Архангай аймгийн ХААУГ -ын сурталчилгааны танхимаас " Билчээрийн монгол малд түгээмэл тохиолддог өвчин",Сүү бэлтгэхэд баримтлах зохистой дадал"," Малын генетик нөөцийн тухай хууль", Хашаа хорооны нэг малд ноогдох талбайны тооцоо зэрэг сонирхолтой 10 гаруй сурталчилгааны материалуудыг сонгон авч уншсан юм. Хамгийн урамгүй нь тэр сайхан материалуудыг малчдад сурталчилсан эсэх нь тодорхойгүй,ажил хэрэг болгодоггүй юм байна даа гэдэг сэтгэгдэл төрсөн шүү. Би ХААН мэргэжилтэн биш ч малчдыг гэгээрүүлэх аян өрнүүлээсэй гэж боддог бөгөөд оролцоход бэлэн байна. Жирийн монголчууд зөв зүйлийг энгийнээр таниулахад их урамтай хүлээн авч, улмаар дадал болгож чаддаг юм. Би инженер мэргэжилтэй.

Иргэн [124.158.65.75] 2023-12-27 08:39:25

Баярхүүгийн түмэн зөв. Зун нь айраг цагаа. найр наадам эргүүлээд, намар нь атга өвс ч авахгүй алхайж хэвтээд. өвөл болохоор төр засгаар халамжлуулаад даварчихсан...Тэгээд ч зогсохгүй мах, сүү цагаан идээгээ тэнгэрт тулсан үнээр зарахыг нь яана аа. Ченжүүд л замаас нь үнэ өсгөөд гээд хардаад байсан чинь малчид өөрсдөө хатуу үнээр зардаг юм байна лээ шүү дээ.

Зочин [66.181.188.219] 2023-12-27 06:34:57

Хөөш Баярхүү гуай монголыг энэ хэдэн мал малчид чинь хоол ундтай явуулж байгаа байх шүү. Малчдад Соц маягийн халамж анхаарал байх ёстой шүү.

зочин [66.181.189.161] 2023-12-27 00:32:01

Гадаад руу дагаж явдаг дарга сайд нарынхаа чихэнд та энэ үгсээ хэлмээр юм биш үү? Малчдын нийгмийн даатгалыг МАН-ын санаачлагаар төр хариуцна, цаг агаар таагүй болохоор бүх төрлийн халамж тэтгэмжийг малчдад МАН-ын санаачлагаар өгнө, малчид татвар огт төлдөггүй гэдэг биз дээ? Малчид малаа өөрсдөө хариулаад, ашиг шимийг нь хүртэж татвараа төлөх ёстой биз дээ? чадахгүй бол дампуурна биз дээ?

Иргэн [202.126.89.195] 2023-12-26 18:33:34

Мал аж ахуй, газар тариалан, тэжээлийн аж ахуйг нарийн бодлогоор, тууштай хөгжүүлэх учиртай.

Эрхэмбаяр [103.212.117.175] 2023-12-26 14:05:31

Нийгмийн нэг тогтолцооноос өөр нэг тогтолцоонд шилжихэд тодорхой цаг хугацаа орно. Мал, малтай холбоотой бүхэн улсын тусгаар тогтнол хүнсний аюулгүй байдалтай холбоотой. Шилжилтийн үеийг малчид биеээрээ мэдэрч ойлгож байгаа. Харин тэдэнд төрөөс туслах явдал үндэсний аюулгүй байдлаа хамгаалж байгаа хэрэг. Тодорхой хугацааны дараа мал аж ахуй эрхлэх хэлбэр өарчлөгдөж эх орныхоо цаг уурын эрс тэс хувьсамтгай байдалд зохицсон малчдын хөдөлмөрийн хамтын хэлбэрүүд өөрөө аяндаа үүсэж бий болно гэдэгт итгэж байна. Тэр болтол төр малчдад туслаж дэмжиж зөвлөж сургаж зарим гадаад орны туршлага судлуулах замаар шинчлэгдэх явцыг хурдасгах хэрэгтэй.

Батаа [139.5.218.75] 2023-12-26 13:42:53

Эзэн нь малаа мэддэг байх нь зөв өө зөв. Хоосон пиардаж малчидад худлаа хайр зарласаар ийм байдалд хүрсэн.

Балт [59.153.113.12] 2023-12-26 11:41:10

40 мянгатын хулгай. нарын үриин шингэн дорсгой лалар чи мал мэдлээ юү чи муу нновш барууны бууны нохой газар нутаг эзгүйдүүлж малгүй болгох хужаа санаагаа гүйцэлдүүлэхээр олон үг хуцдаг болжээ.

Зочин [103.80.210.104] 2023-12-26 09:56:43

Туйлын үнэн гэж энэ шүү. Ямар үнэн хэлээ вэ.

Зочин [66.181.181.192] 2023-12-26 09:50:36

Стрёссзм нийгэмээс салгах нь чухал бна даа Баярхүү гуай

zochin [66.181.165.216] 2023-12-26 08:36:40

Yag zuv

ЗОЧИН [60.41.246.196] 2023-12-26 08:34:41

ҮХ-иар БОЛ "МАЛ СҮРЭГ ТӨРИЙН ХАМГААЛАЛТАНД БАЙНА". ӨӨР АРГА БАЙХГҮЙ. МАА-г ЗӨНД НЬ ХАЯЖ БОЛОХГҮЙ. МОНГОЛЧУУДЫН ХҮНСНИЙ ХАМГИЙН ГОЛ БҮТЭЭГДЭХҮҮН БОЛ МАХ. ТИЙМЭЭС МАА-г ТӨР ХЯМГАДАЖ, ТУСАЛЖ АВЧ ЯВАХ ЁСТОЙ. ХАРИН МАХЫГ НЬ "ХҮЧИТ ШОНХОР" ГЭХ ЛУЙВАРЧДААС САЛГАЖ МАХНЫ БҮХ ДЭЛГҮҮР МАЛЧДААС МАХЫГ НЬ ШУУД АВДАГ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ."ХҮЧИТ ШОНХОР"-ЫН ХАШААНД МАХ ЗАРАХАД 1 ЗОГСООЛООС 4.5 САЯ ТӨГ АВДАГ ГЭНЭ ҮҮ. ЭНЭ ЛУЙВАРЧДААС МАХНЫ ЗАХЫГ Л САЛГАЧИХ.МАЛЧИД ӨӨРСНӨӨ НЭГДЭЭД ЗАХ ГАРГАЧИХ. ЕЭНЭ БҮГДИЙГ ТӨР АЛЬ БОЛОХ ДЭМЖИХ ЁСТОЙ. ТӨР, МАЛ САЛШГҮЙ ШҮҮ.

зочин [103.57.94.90] 2023-12-25 18:28:14

Соц нийгэм Монголчуудыг газар нутагтай хэнч халдах эрхгүй хил хязгаартай тусгаар тогтносон дэлхийд данстай эрх чөлөөт улс болгож өгсөн гавьяатай Эх орны газрын баялаг газар нутагт харь хүмүүс цагаачдыг оруулж суурьшуулах үүд хаалга нээж өгч байгаа нь таалагдахгүй бна шүү

Монголын мал аж ахуй бол маш эмзэг салбар. [103.57.93.133] 2023-12-25 13:01:18

Өнөөгийн Монголын МАА бол цэвэр социаликмын бзтээл. Социализмын далбаан дор төрөөс МАА-д гүнзгий оролцдог байсан. Энэ хандлагыг өөрчлөх ЯМАРЧ боломжгүй. Төрийн оролцоог болиулчих юм бол Монголын МАА зөвхөн хэдэн хот ба аймгийн төвийн ХАЖУУД Л үлдэнэ. Бусад нь дампуураад АЛГА болно. Иймд социализмаа дуртай дургүй авч үлдэх л болж байгаа юм. ДЭНДҮҮ ТОМ нутагт МАА тийм их ашигтай байж ЧАДАХГҮЙ ш дээ.

Зочин [192.82.65.88] 2023-12-25 12:55:48

Мал хариулу үзээгүй, зуданд 1 цаг гапдаа байж үзээгүй юмнууд, монгол малгүй бол монгол улс байхаа нэгэнт болино. Өвөрмонгол малгүй, болоод ямар болж байгаа нь тод жишээ шүү.

зочин [66.181.183.21] 2023-12-25 12:28:24

Юм үзсэн хүн шиг голыг нь олоод хэлчихжээ. Дээр үед нийгэмийн гэх мал хариулж байхад зуд гэж ярьдаггүй байсан шүү Харинч өөрсдийнхөө малыг нийгэмчилж байсан Одооныхон үнэгүй тэдний өсгөсөн хөрөнгийг авсан хүмүүс. Хариуцлагагүйн зуд мөн. Малаа чанаржуулж багасгах эрх улсад биш өнөө цагийн малчдад л өөрт нь байна.

Зочин [202.126.88.166] 2023-12-25 17:13:14

Монголчууд малтай учраас хэзээ ч өлсдөггүй юм .Мал маллана гэдэг чинь цаг завгүй нөр их хөдөлмөр шүү.Билчээрийн мал гэдэг бол Монголоос өөр хаана ч байхгүй ,хамгийн ЭКО-БИО ҮЙЛДВЭР юм шүү.!!!Сүүлийн жилүүдэд 6 настайгаас нь сургуульд сургадаг болсон нь малчдын амьдралд,ялангуяа залуу гэр бүлд таагүй нөлөө үзүүлж байгааг анхаарахгүй байж болохгүй!!!

Зочин [119.18.0.247] 2023-12-25 11:42:17

Яг хөдөө очиж нэг жил судлаад бичвэл өөр л дөө, малаа дагаад доголон Баяр завгүй, хэдэн үнээгээ шувтарч хотын хэддээ цагаан идээгээ хураах гээд хазгар Долгор завгүй, хот явуулсан хүүхдүүдээ ирж хөрөнгөтөний туршлагаас хуваалцах болов уу гэхээр сураггүй, оны эцэст ирж наргиж хөөргөж ажил алдуулж байгаад идэшээ аваад дашийн шог. Эрдэмтэй номтойгуудынх нь хэлж ярьж байгааг ойлгоход хэцүү…

Иргэн [66.181.177.131] 2023-12-25 11:33:12

Баярхүү гуай маш чухал асуудлыг дэвшүүлсэн байна. Мал хувийн өмч. МАлчид малаа үхүүлнэ үү, өсгөнө үү тэдний л асуудал. Төр оролцож татвар төлдөг хэсгийн мөнгийг салхинд хийсгэх хэрэггүй. МАлчид билчээр, ус, өвөлжөө. хаваржаа гээд бүх зүйлийг үнэгүй хэрэглэдэг атлаа төрд ямарч татвар төлөхгүй дээр нь нийгмийн даатгалыг нь татвар төлөгчдийн мөнгөөр өмнөөс нь төр төлнө. Зун намаржингаа наадамдаж овоо тахиж, бие биенээсээ өрсөн баярхаж найрлаж байдаг улс. 1000 малтай мөртлөө хүнсний карт, талон авдаг жудаггүй баячууд. Малдаа өвс тэжээл бэлдэх,оторлох, тарилга туулга хийлгэнэ гэж байхгүй нарийндаа хатсан ийм л хүмүүс шүү дээ. Анхны цаснаар л үхэж хатлаа сүйрлээ гээд төрөөс халамж тусламж нэхэж эхлэнэ. Ийм зах зээлийн нийгэм гэж хаа ч байхгүй. Мал монголын баялаг гэдэг үлгэр ярихаа болих хэрэгтэй. 70 сая малтай гээд байгаа. Хот суурингийнхан тэнгэр тулсан үнээр чанаргүй, баталгаагүй мах сүү авч байгаа биз дээ

Зочин [202.21.108.29] 2023-12-25 11:21:27

Tejeeber dagznuudiig shan bichij ene ulsiig huduuniihun zubkhun uursdiinhun gj bddg yum shig bgaa ih malnii hreg undur vnetei nah idej bha tvi ch hreggui 20 say aas hetrvvleh hreggui erhelchihsen hden sda nuud

Зочин [103.41.93.101] 2023-12-25 10:35:28

Зочин [59.153.115.178] 2023-12-25 10:31:53

Баярхүү чи ойлго Монгол малтай хэлтэй хилтэй байхад баян байгаа юм. Малгүй байсан бид өлсөх байлаа. Юмны үнэ тэнгэрт хадсан ч махаа бид малчдаас боломжийн үнээр авч чадаж бна. Энэ бол том Буян шүү.

Зочин [202.126.89.126] 2023-12-25 11:19:27

Энэ балайгаа капитализмаас нь салгаа чээ.

Зочин [66.181.188.121] 2023-12-25 10:26:39

үнэн шүү үнэн мал нь хувийн өмч байтлаа зуд болохлээр мал сүрэг төрийн хамгаалатанд энэ тэр гэд уянгалуулна малаа хэт олон болгож байгал дэлхийг цөлмөж цөлмөчөд улсад татвар өгөхгүй мянгат малчин болхоор нь сумаас нь шагнаж байх жишээтэй

Зочин [103.80.210.104] 2023-12-26 10:08:25

ЯААГ ҮНЭН


29 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
29 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.