Венесуэлийн ерөнхийлөгч ард иргэдийг нь “иргэний дайнд турхирсан” хэрэгт ТикТокыг буруутгав

Aдмин / Нийгэм

Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро өчигдөр дэлхийн томоохон сошиал платформуудын нэг ТикТокыг тус улсад “иргэний дайн дэгдээхийг санаархаж байна” хэмээн шүүмжилжээ.

Тэрбээр өөрийнх нь ТикТок эрх наймдугаар сарын 19-ний өдөр хүртэл хаагдсаны дараа ийнхүү шүүмжилсэн байна.

“ТикТок ямар ёс суртахуунгүй болохыг харцгаа. Миний бодлоор ТикТокын эзэд, захирлууд Венесуэлд иргэний дайн дэгдээх, Латин Америк, цаашлаад дэлхий дахинд фашизмыг дэлгэрүүлэх зорилготой байна” гэж тэр өчигдөр аюулгүй байдлын зөвлөлийнхөө хурлын үеэр ярьжээ.

Мадуро цааш нь ярихдаа “Тэд Аргентины сонгуульд Милей болон бусад фашистуудыг ялуулсан. Тэд Венесуэлийн болон нийт Латин Америкийн фашистуудтай холбоотой ажиллаж байна” гэж шүүмжилсэн байна.

“Хүчирхийлэл сурталчилж”, нийтлэлийн бодлогыг нь зөрчсөн шалтгаанаар ТикТок платформ Мадурогийн эрхийг түр хугацаагаар хаасан ажээ.

Мадуро долдугаар сарын 28-нд болсон сонгуульд ялснаа зарласны дараа Венесуэл даяар иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөн дэгдээд байгаа. Тэд Мадурог сонгуулийн үр дүнг луйвардсан гэж буруутгаж байна.

Сөрөг хүчнийхний “засгийн эрхийг булаах” хуйвалдаанд гадаадын сошиал платформууд гол үүрэг гүйцэтгэдэг гэж Мадуро хардаж байгаа.

DataReportal байгууллагын мэдээлснээр Венесуэлд 12.35 сая ТикТок хэрэглэгч байдаг ажээ.

Өмнө нь Мадуро иргэддээ WhatsApp мессенжэрийг гар утаснаасаа устгахыг уриалж байв. Тэр бас хуучнаар Твиттер буюу Х платформыг Венесуэлд түр хугацаагаар хаах шийдвэр гаргаж, тус платформын эзэн Илон Масктай хэрүүлийн үгс шидэлцэж байлаа.

Өнгөрсөн сонгуульд сөрөг хүчний нэр дэвшигч Эдмундо Гонсалесыг ялсан гэж дэлхийн ихэнх улс орон үзэж байгаа. Тухайлбал сөрөг хүчнийхэн Венесуэлийн сонгуулийн хэсгийн хороодын 83.5 хувийн мэдээг цуглуулахад Гонсалес нийт 3.9 сая саналаар Мадурогоос илүүрхсэнийг баталж байна

Харин Николас Мадурогийн ялалтыг одоогоор зөвхөн Хятад, Орос, Никарагуа, Боливи, Хондурас, Иран, Сири, Умард Солонгос улсууд хүлээн зөвшөөрөөд байгаа юм.

Эх сурвалж: Associated Pres, IKON.MN


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.