ПАРЛАМЕНТЫН ЭЗЭН ЭРХТ ЁС

Aдмин / Улстөр

УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах хуулийн төсөл парламентын засаглал, парламентын халдашгүй дархан байдал, парламентат ёс орших, эс орших, улмаар монарх буюу ганц хүний абсолют засаглал буюу дарангуйлал, диктаторын дэглэм тогтох эсэх асуудалд хүргээд байна.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын олон гишүүд, түүний дотор, Ц.Даваасүрэн нар “Төрийн эрх барих байгууллагынхаа эрх мэдлийг зохицуулсан хууль Ерөнхийлөгч санаачилж болохгүй”, П.Сайнзориг нар “УИХ уг төслийг хүлээн авах ёсгүй байсан, УИХ хэлэлцэж байгаа нь Үндсэн Хууль зөрчсөн хэрэг”, Ч.Лодойсамбуу нар “Бид батлах нь байтугай хэлэлцэх эрхгүй, УИХ хэлэлцэх эхлэх нь нүгэл” зэргээр мэдэгдэхэд хүрээд байна.

Мөн Х.Баасанжаргал нар “Ардчилал нуран унаж буйг бүгд нүдээрээ харж байна. Бүгд хүлээн зөвшөөрье” гэсэн бол Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “Парламент vs Монарх” гэсэн пост ч тавихад ч хүрсэн байна. Товчхондоо парламентын гишүүд монархийн эсрэг эсэргүүцэлд босоод байна.

Тиймээс судлаачийн хувьд энэ асуудалд оролцож асуудлын учир холбогдлыг тодруулах нь зүйтэй гэж үзлээ. Юуны түрүүнд 1) парламентын гишүүдийг эргүүлэн татах ёс ерөөс байдаг эсэх, байдаг бол ямар үндэслэл, журмаар, хэн, хаана татдаг, 2) татах хууль, журмыг хэн, ялангуяа, Ерөнхийлөгч санаачлан парламентад оруулж болдог эсэх, 3) ер нь парламентат ёс, парламентын эзэн буюу онцгой эрх, парламентын халдашгүй дархан байдлын утга учир, 4) ялангуяа эрх чөлөө, тусгаар тогтнолд холбогдох учир холбогдол зэрэг асуудлыг тодруулахыг хичээлээ.

1. ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮДИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТДАГ, ЭСЭХ

Товчхон, шуудхан хэлэхэд парламентын гишүүдийг эргүүлэн татдаггүй гэж болно. Дийлэнх ардчилсан улс орнууд парламентын гишүүдийг эргүүлэн татдаггүй. Цорын ганц ардчилсан улс нь Англи. 2009 онд Английн парламентын гишүүд хуурамчаар бичиг баримт бүрдүүлж, элдэв зардлын мөнгө авсан нь илэрч, нийгэм даяар дуулиан дэгдэж, нийт 392 гишүүн 1.3 сая фунтийг эргүүлж төлөх болсон. Энэ дуулианы улмаас, нийгмийн дургүйцэл, шахалтын үр дүнд 2015 онд парламентын гишүүдийг эргүүлэн татах хууль баталсан. Англиас гадна Венесуэл, Куба, Эквадор, Перу, Тайван гэсэн цөөхөн, ихэвчлэн ардчилсан бус дэглэмтэй улс оронд гишүүдийг татах хуулийн зохицуулалт байх.

Татах үндэслэл харилцан адилгүй боловч түгээмэл байдаг үндэслэл нь гэмт хэрэгт шүүхийн шийтгэл, ялангуяа шоронгийн ял хүлээсэн гишүүнийг татах. Татах этгээд нь зөвхөн тухайн тойргийн сонгогчид. Өөр хэн ч биш.

Английн хувьд 1) шоронгийн ял авсан, 2) парламент өөрөө гишүүнээ 2 долоо хоногоос дээш хугацаагаар түдгэлзүүлсэн нөхцөлд л парламентын спикер ёс зүй хариуцсан гишүүнд мэдэгдэж, татах өргөдлийг нээх бөгөөд 6 долоо хоногийн дотор тухайн тойргийн сонгогчдын 10 хувь нь гарын үсэг зурсан нөхцөлд татах.

Венесуэлийн хувьд 1999 онд Үндсэн хуульдаа тусгасан. Тусгайлан заасан татах үндэслэл байхгүй. Парламент нь 5 жилийн хугацаатай ба хугацааны эхний хагаст татахыг хориглоно. Мөн сонгуульт хугацаанд татах оролдлого зөвхөн нэг удаа л хийгдэж болно. Сүүлийн 2.5 жилд л татах боломжтой бөгөөд татах процесс 3 шаттай.

Татахыг санаачлагчид эхний шатанд тухайн тойргийн бүртгэлтэй сонгогчдын 1 хувийн гарын үсгийг 30 өдрийн дотор цуглуулах ёстой. Гарын үсгийг Үндэсний Сонгуулийн Хороо магадлах ёстой. Эхний шат дэмжигдсэн нөхцөлд, хоёрдугаар шатанд тойргийн сонгогчдын 20 хувийн гарын үсгийг цуглуулах ёстой. Хоёрдугаар шат дэмжигдсэн нөхцөлд, эцсийн шийдвэрлэх шатанд тухайн тойргийн сонгогчдын 25-аас доошгүй хувь санал хураалтад оролцож, тухайн гишүүний анх авсан саналтай тэнцүү буюу өндөр санал авсныг Үндэсний Сонгуулийн Хороо баталгаажуулсан нөхцөлд эргүүлэн татах. Тиймээс Венесуэлд гишүүнийг эргүүлэн татах боломж тун хомс.

Дүгнэж хэлэхэд ер нь парламентын гишүүнийг эргүүлэн татдаггүй гэж хэлж болно. Тун цөөхөн орон татах хуулийн зохицуулалттай ч хэрэгжүүлэх боломж тун хомс. Татах үндэслэл Английн хувьд нэг бол шоронгийн ял, эсвэл парламент өөрөө 2 долоо хоногоор гишүүнийг түдгэлзүүлсэн нөхцөлд. Татах этгээд нь зөвхөн тухайн тойргийн сонгогчид.

2. ХУУЛИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ САНААЧИЛЖ БОЛОХ, ЭСЭХ

Ардчилсан улс орнуудад хаан ч, ерөнхийлөгч ч ийм хууль бүү хэл, ерөөс хууль санаачлах эрхгүй, ёсгүй. Англи ба Европын хаад, Японы эзэн хаанд хууль санаачлах эрх байхгүй.

Парламентын засаглалтай улсад ерөнхийлөгч улстөрөөс ангид, улстөрийн эрх мэдэлгүй, зөвхөн билэгдэлийн үүрэгтэй учир угаас хууль санаачлах эрхгүй.

Ерөнхийлөгчийн засаглалын биелэл, бэлэг тэмдэг болсон АНУ-д ерөнхийлөгч нь мөн өөрөө хууль санаачилж парламентад оруулах эрхгүй. Хагас буюу сүпер-ерөнхийлөгчийн дэглэм гэх Францын ерөнхийлөгч мөн өөрөө хууль санаачлан парламентад оруулах эрхгүй.

Зөвхөн Өмнөд Солонгос, Монгол зэрэг улс оронд Ерөнхийлөгч хууль санаачлах эрх олгосон. Гэхдээ Өмнөд Солонгос ерөнхийлөгчийн засаглалтай бол, Монгол парламентын засаглалтай.

Хаад, ерөнхийлөгч нар хууль санаачлах эрхгүй байдаг нь 1) үндсэн хуульт ардчилсан дэглэм, түүний үндсэн зарчим болох төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэж хуваарилах зарчим, 2) парламентын онцгой эрхтэй (Exclusive Cognisance буюу Exclusive Jurisdiction) холбоотой юм.

Ардчилсан үндсэн хуульт дэглэмийн ёсоор төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэж хуваарилан, хууль тогтоох эрх мэдлийг зөвхөн ард түмний төлөөллийн байгууллага болох парламентад хуваарилдаг. Энэ зарчмын дагуу хууль тогтоох, хуулийн төсөл парламентад оруулах эрх зөвхөн парламентын эрх, парламентын гишүүдэд л байдаг. Энэ зарчим парламентын төдийгүй ерөнхийлөгчийн засаглалтай оронд бүгдэд нийтлэг. Тиймээс АНУ болон Францын ерөнхийлөгч нар өөрсдөө хууль санаачилж парламентад оруулах эрхгүй. Харин засгийн газар буюу кабинет нь холбогдох хууль санаачлах эрхтэй байдаг.

Тиймээс үндсэн хуулийн байгуулалтай, ардчилсан улс орнуудад ерөнхийлөгч өөрийн болон төрийн бусад байгууллагын, түүний дотор парламентын статус, эрх мэдэлд холбогдох хууль санаачлах эрхгүй, ёсгүй. Ингэх нь мөн чанараараа төрийн байгуулал, бүтцийг өөрчлөх учир холбогдолтой учир үндсэн хууль, төрийн бусад байгууллагын эрх мэдэлд халдсан хэрэг болох.

Ерөнхийлөгч ерөөс хууль санаачлах ёсгүй төдийгүй, үндсэн хууль хөндөх, парламентын статус, эрх мэдэлд халдах субъект огт биш. Мөн Монгол улсын Үндсэн Хууль ёсоор ерөнхийлөгч нь улстөрийн бус харин билэгдэлийн л үүрэгтэй. Тиймээс зүй нь ерөнхийлөгчийн байгууламжид ийм хууль санаачлах эрх байх ёсгүй, байх ч үгүй.

Нөгөө талд, ардчилсан засаглалтай бүх дэглэмд парламент өөрөө өөртөө эзэн байж, өөрийн дөрвөн хананы доторхыг зөвхөн өөрөө мэдэж байх ёстой. Үүнийг парламентын онцгой эрх (Exclusive Cognisance буюу Exclusive Jurisdiction) гэдэг.

Энэ эрх парламентын засаглалтай төдийгүй ерөнхийлөгчийн засаглалтай дэглэмд нэг ижил. Энэ нь үндсэндээ парламентат ёсны үндсэн суурь ёс юм. Парламент өөрөө өөртөө эзэн биш, өөрийн дөрвөн хананы доторхыг зөвхөн өөрөө мэдэхгүй бол парламент биш. Хөндлөнгийн этгээдийн мэдэлд, эрхшээлд орших хэн ч, юу ч эзэн биш албат. Тиймээс парламент өөрөө өөртөө эзэн байхын үндэс нь тусгаар тогтносон байх явдал.

Парламентын онц эрх ёсоор парламент өөрийн үйл ажиллагаатай холбоотой бүх зүйлийг зөвхөн өөрөө мэдэж шийдвэрлэх ёстой. Парламентын хэлэлцүүлэг, үйл ажиллагааны дэг журам, уг дэг журмаа мөрдөх, эсэх, гишүүдийн статус, эрх мэдэл, ёс зүй, сахилга бат зэрэг парламентын бүх үйл ажиллагааг зөвхөн парламент өөрөө мэдэх ёстой.

Энэ зарчим парламентад бүхэлд нь төдийгүй парламентын танхим тус бүрд тус бүрд нь ижил утгатай үйлчилдэг. Тиймээс, Английн парламентын хоёр танхим тус бүрдээ өөр өөрсдийн асуудлыг нөгөө танхимынхаа оролцоогүйгээр, нөгөө танхимынхаа нөлөөгүйгээр мэдэх, шийдвэрлэх ёстой. Энэ зарчим Америкийн конгрессын хоёр танхимд яг ижил. Дэлхий нийтээр яг ижил.

Энэ онцгой эрхэнд хөндлөнгийн хэн ч, хаан ч, ерөнхийлөгч ч, ямар ч шүүх, түүний дотор, Үндсэн хуулийн шүүх ч оролцох эрхгүй, ёсгүй. Чухам энэ зарчим, энэ онцгой эрхийг УИХ-ын тухай хуульд “Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хэн ч халдаж үл болно” гэж хуульчилсан байдаг.

Тиймээс, өнгөрсөн намар УИХ-ын ирц, ба санал томьёоллын асуудлаар УИХ-ын шийдвэрт У.Хүрэлсүхийн тавьсан хориг, ҮХЦ маргаан үүсгэсэн нь парламентын онцгой эрхэнд халдсан, хууль бус үйлдэл байсан. Түүний нэг адил, У.Хүрэлсүхийн санаачилсан энэ хууль ч парламентын онцгой эрхэнд халдсан, хууль бус үйлдэл.

Жич, Г.Занданшатарыг огцруулсан парламентын шийдвэрт У.Хүрэлсүхийн тавьсан хориг нь зөвхөн парламентын онц эрхэд халдсан төдийгүй, парламентын эзэн эрх, улмаар ард түмний төрөө барих эзэн эрхэд халдах оролдлого байсан.

Хэн ч, хаан ч, ерөнхийлөгч ч, шүүх ч, Үндсэн хуулийн шүүх ч парламентын аливаа томилгоо, огцруулалтад хориг тавих эрхгүй, хориг тавьдаггүй юм. Тиймээс ч үе үеийн Монголын Ерөнхийлөгч нар томилолт, огцруулалтад хориг тавьж байгаагүй юм. Ерөнхийлөгчийн хориг тавих эрх зөвхөн парламентыг баталсан хуульд холбогдох бөгөөд Үндсэн хуулийн шүүхийн эрх мэдэл ч зөвхөн үүнд л холбогдоно.

Парламентын томилгоо, огцруулалт хориг тавих нь үндсэндээ парламент, улмаар ард түмний сонголтыг, сонгуулийг хүчингүй болгож буйтай адил хэрэг учир ардчилсан засаглалын үзэл санаанд ч харш юм.

Өөр нэг зүйл нэмэн тэмдэглэхэд, Английн буюу Вестминстерийн парламентын засаглалын системд парламентын эзэн эрхт ёсны номлолын ёсоор Үндсэн хуулийн шүүх, парламентын тогтоосон хуулийг шүүх хянах (judicial review) ойлголт ч байдаггүй. Монгол үнэхээр л парламентын засаглалын системээр явах бол ҮХЦ гэдэг байгууламжийг зүй нь татан буулгах ч ёстой юм.

3. ПАРЛАМЕНТАТ ЁС, ПАРЛАМЕНТЫН ОНЦГОЙ ЭРХ, ПАРЛАМЕНТЫН ХАЛДАШГҮЙ ДАРХАН БАЙДЛЫН УТГА, УЧИР

Ард түмэн төрийн эрхээ барих засаглал л ардчилсан засаглал. Ард түмэн төрийн эрхээ барих дээд байгууллага нь парламент. Ард түмэн төрийн эрхээ барих ёс нь ард түмэн өөрсдийн төлөөллийн байгууллага парламентаараа уламжлан улс орныхоо аливаа асуудлаар шийдвэр гарган хууль болгон тогтоох, мөрдөх, хэрэгжүүлэх ёс. Өнөөдөр аливаа ардчилсан улс орны, түүний дотор хаант ч, ерөнхийлөгчийн ч засаглалтай улс орны ч, төрийн эрх барих дээд байгууллага нь парламент.

Төрийн эрх барих гэдэг нь улс орны аливаа асуудлаар, түүний дотор хамгийн тэргүүнд хууль тогтоох улмаар төрийн бүх албан тушаалтнуудыг түүний дотор хааныг ч, ерөнхийлөгчийг ч, ерөнхий сайд, сайд нарыг ч сонгох, томилох, огцруулах эрх мэдлийг хэрэгжүүлэхийг хэлэх. Чухам эдгээр эрх мэдлийг барьж, хэрэгжүүлж байгаа байгууллага төрийн эзэн (sovereign) буюу төрийн эзэн буюу бүрэн эрхийг (sovereignty) баригч, хэрэгжүүлэгч юм.

Жич, Монголын бүрэн эрх гэдэг нэр томьёо нь Оросын полномочность гэдэг нэр томьёоны орчуулга боловч угтаа энэ нь өрнөдийн эзэн (sovereign), эзэн эрх (sovereignty) болно. Энэ эрхийг барьдаг, хэрэгжүүлдэг байгууллага нь парламент бөгөөд үүнийг парламентын эзэн эрхт ёс (Parliamentary Sovereignty) гэдэг.

Харин ардчилсан засаг, чухам ард түмэн парламентаараа дамжуулан төрийн эрхээ барих ёс, ард түмэн парламентынхаа бие даасан байдал, халдашгүй дархан байдлыг хангах, хамгаалах, тогтоох ёс, журам хялбар олдоогүй юм. Энэ эрх чөлөө, эрх мэдэл, ёсыг байлдан олсон анхны ард түмэн Англичууд. Арван гуравдугаар зууны Их Цаазаас (Magna Carta) эхлэн олон зуун жилийн цус урсгасан тэмцлийн үрээр олж авсан юм.

Парламент гэдэг нь Франц хэлний хэлэлцэх, чуулах гэдэг үгнээс гаралтай бөгөөд дэлхийн анхны парламентыг 930 оны үест бий болсон Исландийн Алтинг (Althing) гэдэг ч орчин үеийн парламентат ёс хөгжиж, улмаар парламентын засаглал хөгжсөн нь Англи. Английн парламент анх 8-р зууны үеэc Англо-Саксоны Сэцдийн Зөвлөлөөс (Уитенэгэмот/Vitenagemot буюу Уитен/Vitan) үүсэлтэй гэдэг. Улмаар 11-р зуунаас Их Чуулган (Great Council/Magnum Concilium) гэж байгаад 1236 оноос парламент гэж нэрлэгдэх болсон юм. Гэвч 14-р зуун хүртэл Английн парламент нь үндсэндээ Их Монгол Улсын Их Хуралдай, эсвэл хожмын Монголын Чуулгантай төстэй зөвхөн язгууртнууд, дээд лам нарын байгууллага байсан юм.

14-р зуунд л Английн парламентад ард түмний төлөөллийн танхим болох Нийтийн Танхим (House of Commons) бий болж, анхны спикер нь 1376 онд сонгогдож байсан юм. Ингэснээр хуучин ноёд язгууртан, дээд лам нарын парламент нь Ноёдын Танхим (House of Lords) болж парламентын нэг хэсэг л болсон юм.

Улмаар Нийтийн Танхим нь чухам парламент болон хөгжиж, Нийтийн Танхим нь парламентат ёс, парламентын эзэн эрх, парламентын засаглалын үндсэн байгууллага болж, хэрэг дээрээ парламент гэдэг нэр томьёо нь Нийтийн Танхимтай ижил утгатай болсон юм. Тиймээс ч Английн парламент гэдэг нэр томьёо нь үндсэндээ Нийтийн Танхимыг заадаг юм.

1688 оны Ялгуусан хувьсгал (Glorious Revolution) хүртэл Английн хаан парламентыг өөрийн дураар хуралдуулж, тараадаг байв. Олон ч парламент тараагдаж, олон ч парламентын гишүүн амь насаа алдаж байв. Жишээ нь, 1394–1535 оны хооронд Английн парламентын 7 спикерийг Английн хаад цаазалсан байдаг.

Эцэст нь хоёр удаагийн их бослого, иргэний дайн, хувьсгалын үрээр ардчилсан парламентат ёсыг тогтоож, парламентын халдашгүй дархан байдлыг хуульчилсан юм. Эхний бослого нь 1642 оноос 1651 он хүртэл 10 жил үргэлжилсэн Английн иргэний дайнд (English Civil War) хүргэсэн, бол хоёрдох нь 1688 оноос 1689 онд гарсан Ялгуусан хувьсгалд хүргэсэн юм.

1642 онд Английн хаан 1-р Чарльз парламентын 5 гишүүнийг баривчлахаар парламентын танхимд цэрэгтэй орж ирснээр Английн иргэний дайнд хүргэсэн юм. Парламент хааныхаа эсрэг бослого гаргаж, хаантайгаа дайтаж, парламентын гишүүн Оливер Кромвеллийн командалсан парламентын арми ялалт байгуулж, 1-р Чарльзийг 1649 онд цаазалсан юм. Чухам парламентыг хамгаалж, парламентын ялалтад хүргэсэн учир эдүгээ Английн парламентын ордны өмнө, Нийтийн Танхимын гадна Кромвеллийн хөшөө сүндэрлэн байдаг юм.

1688 онд Английн хаан 2-р Жэймс парламентын гишүүдийн амыг барихын тулд парламентыг тарааж, мөн парламентыг дэмжсэн Английн сүм хийдийн 7 хамбыг баривчилж хорьсноор 1688–1689 оны Ялгуусан хувьсгал гарахад хүргэсэн юм. Английн парламент дахин хааныхаа эсрэг бослого гаргаж, 2-р Жеймсийг хаан ширээнээс огцруулж, гадагш цөлж, 1689 онд Эрхийн Тунхгийг (Bill of Rights) хуульчилж 1) Парламентын гишүүдийн үг хэлэх эрх чөлөө (Freedom of Speech), 2) Парламентын онцгой эрхийг (Exclusive Cognisance) хуульчилсан билээ.

Чухам ингэж парламент ялалт байгуулж, парламент эзэн эрхийг авч, парламентын халдашгүй дархан байдлыг тогтоосон учир уг бослого, хувьсгалыг Ялгуусан хувьсгал гэдэг билээ.

Английн ард түмэн, Английн парламентын гишүүд ингэж төрийн эрх барих эрхээ авч, парламентынхаа онцгой эзэн эрх, халдашгүй дархан байдлыг тогтоож, хуульчилсан юм. Тиймээс ч парламентын онцгой эрхэд хэн ч, түүний дотор хаан нь ч, шүүх ч халдах ёсгүй, халддаггүй юм.

4. ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛЫН БИЕЛЭЛ, ДАРХЛАА

Парламентын онцгой эрх, парламентын гишүүдийн үг хэлэх эрх чөлөө нь ард түмний, нийгмийн эрх чөлөөний баталгаа, индэр болсоор ирсэн.

Нийгэмд тогтсон ёс суртахуун, шашин суртал, уламжлал, заншил, зуршил, эрх мэдлийн дэглэм, эрх мэдэлтний нөлөө зэргийн улмаас болон, мөн хууль, шүүхийн шийдвэрийн улмаас ч хорио, цээртэй болсон, тиймээс ч нийгмийн гишүүд төдийгүй хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч зайлсхийдэг төвөгтэй, маргаантай олон асуудлыг гарган тавьж нийгэм, олон нийтийн анхааралд оруулан нээлттэй, эрх чөлөөтэй хэлэлцүүлэг өрнүүлэх, шийдвэр гаргах эрх чөлөөний орон зай, индэр нь парламентын гишүүдийн үг хэлэх эрх чөлөө, парламентын онцгой эрх мэдэл болно.

Тун саяхны нэг жишээ нь 2018 онд Английн парламентын Лордын танхимын гишүүн Питер Хэйн (Peter Hain) парламентын онцгой эрх, парламентын гишүүний үг хэлэх эрхээ эдлэн, хаалтын гэрээ (non-disclosure agreement) болон шүүхийн тушаалаар нэрийг нь илчлэхийг хориглосон байсан Филип Грийний (Philip Green) нэрийг парламентын танхимд нэрлэсэн явдал.

Филип Гриин нь Английн Аркадиа Группийн захирал, үл хөдлөх хөрөнгийн томоохон бизнесмен, уг салбарт оруулсан хувь нэмрийнхээ улмаас 2006 онд язгууртны хэргэмээр (Sir) шагнагдсан ихээхэн нэр, нөлөөтэй нэгэн байв.

Гэвч Өрнө даяар өрнөсөн “Me Too” хөдөлгөөний үрээр тэрээр бэлгийн дарамт, арьс өнгөөр ялгаварлах хэрэгт шалгагдаж эхэлсэн байна. Гэтэл тэрээр өгзгийг нь базаж бэлгийн дарамт үзүүлсэн эмэгтэйдээ 1 сая фунт төлж хаалтын гэрээ байгуулж амыг нь хаасан байсан.

Шүүх ч уг гэрээн дээр үндэслэн түүний нэрийг илчлэхийг хориглосон тушаал гаргасан байв. Чухам энэ учир уг хэргийг сурвалжилсан нийтлэлдээ Английн Телеграф сонин Английн “Me Too” хөдөлгөөн хэрэгт шалгагдаж буй “нууц биснесмений” нэрийг ч нэрлэж чадахгүй өрөвдөлтэй байдалд ороод байна гэж мэдэгдсэн. Уг нийтлэлийн маргааш нь Питер Хэйн тэр “нууц бизнесмен” бол Филип Грийн гэж Ноёдын Танхимд мэдэгдсэн.

Грийн шүүхийн тушаал, хаалтын гэрээ зөрчиж, шүүхээр гэм буруутай нь тогтоогдохоос өмнө нэрийг нь хэлж шүүхийн шийдвэрт нөлөөлсөн төдийгүй, хувь хүний нууц задруулсан, нэр хүндийг нь сэвтээсэн гэж Питер Хэйний талаар Лордын Танхимын Ёс зүйн Комисст гомдол гаргасан. Лордын Танхим хариуд нь энэ нь парламентын онц эрх, парламентын гишүүн парламентын танхимд хэлэх гэснээ хэнээс ч, юунаас ч, түүний дотор шүүхээс ч айлтгүй хэлэх бүрэн эрхтэй гэж гомдлыг няцаасан.

Нэгэнт Английн шүүх парламентын онц эрхэнд халдаж хэрэг үүсгэхгүй учир Грийн Европын Хүний Эрхийн Шүүхэд (European Court of Human Rights) хандаж, Англи улс Европын Хүний Эрхийн Шүүхийн гишүүний хувьд парламентынх нь онц эрх шүүхийн тушаалыг зөрчихгүй байхыг хангах үүрэгтэй гэж гомдол гаргасан.

Гэвч Европын Хүний Эрхийн Шүүх нь “энэ асуудал нь Англи улсын, ялангуяа Английн парламентын бүрэн эрхийн асуудал. Парламентын гишүүд шүүхийн шийдвэрээр хориглосон зүйлийг илчлэхийг хориглох эсэх нь Английн парламентын бүрэн эрх. Харин Английн парламент хориглох ёсгүй гэж нэгэнт үзсэн. Тус шүүх уг асуудлыг өөрөөр авч үзэх нь Англи улсын парламентын бие даасан байдалд харш” гэж үзсэн.

Ингэж хүний эрх, нэр төр, хувийн нууцыг ч чанд хамгаалах зорилготой Европын Хүний Эрхийн Шүүх хүртэл парламентын онцгой эрх, бие даасан байдлыг хүндлэн сахисан юм.

Парламент нь ард түмний эрх чөлөө, ардчилсан засаглал, улс орны бүрэн эрх, тусгаар тогтнолын байгууллага, тэдгээрийг хадгалах газар, түүний биелэл нь юм.

Тусгаар тогтнол гэгч газар нутгийн хил хязгаарт гэхээсээ илүү ард түмэн, улс орны хүсэл зориг, шийдвэрийн биелэл болсон, мөн ард түмний хүсэл зориг, шийдвэрийг гаргадаг, тэр утгаараа тархи, оюун санаа, зүрх болсон парламентад орших.

Чухам парламент төрийн эрх барьж, төрийн буюу улс орны эзэн эрхийг хэрэгжүүлж, улс орны аливаа асуудлаар шийдвэр гаргадаг тул парламентын шийдвэр хөндлөнгийн аливаа нөлөөнөөс ангид байх учиртай юм. Чухам энэ учир парламент өөрөө өөртөө эзэн байх буюу бие даасан, тусгаар тогтносон байх ёстой юм. Чухам энэ учир парламентын эзэн эрх, тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах, тогтоох, хамгаалах учиртай юм. Чухам энэ учир парламент халдашгүй дархан байх ёстой юм. Чухам энэ учир парламентын халдашгүй дархан байдал (Parliamentary Immunity буюу Parliamentary Privilege) гэдэг ойлголт, ёс байдаг бөгөөд хэн ч халдах ёсгүй, эрхгүй юм.

Тиймээс парламентын онцгой эрх, гишүүдийн үг хэлэх эрх чөлөө нь ард түмний эрх, эрх чөлөө, улс орны тусгаар тогтнолын халдашгүй дархан байдлын баталгаа, дархлаа болно.

Тиймээс, У.Хүрэлсүхийн төсөл нь парламентын онцгой эрх, улмаар парламентын эзэн эрх (Parliamentary Sovereignty) буюу бүрэн эрхэд халдаж, парламентын засаглалыг төдийгүй, парламентат ёсыг устгаж, монарх буюу ганц хүний абсолют засаглал тогтоох гэсэн оролдлого.

Чухам тийм учир, Н.Номтойбаяр, Л.Оюун-Эрдэнэ нарын удаа дараа мэдэгдсэнээр уг төсөл нь Монгол улсыг 1688 оны Английн Ялгуусан хувьсгалынх шиг нөхцөл байдалд хүргээд байгаа бөгөөд, төсөл нь хууль болбол ардчиллыг ч, парламентын засаглалыг төдийгүй парламентат ёсыг устгаж, абсолют монарх засаглал тогтоож Монгол улсыг дундад зуун руу буцаан шидэх ч болно.

Тиймээс парламентын олон гишүүд, түүний дотор Ц.Даваасүрэн, П.Сайнзориг, Ч.Лодойсамбуу, Х.Баасанжаргал, Л.Оюун-Эрдэнэ нарын мэдэгдэл бүгд үнэн, зөв болно. Тиймээс парламентын гишүүд төдийгүй дундад зууны абсолют монарх засаглал дор боолчлогдохыг хүсээгүй хэн бүхэн эсэргүүцэх цаг.

Шударга бус хууль болбол эсэргүүцэл, бослого, хувьсгал үүрэг болдог гэдэг эрх чөлөөний номлол Жон Локкийн үеэс эрх чөлөөт нийгмийн зарчим байсаар ирсний дээр шударга бусын хажуугаар чимээгүй өнгөрөх нь урвалт гэдэг билээ. Та бүхэн болгооно уу!

Эх сурвалж: Лхамсүрэнгийн Мөнх-Эрдэнэ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.